Хөшөө дурсал

Бэрхийн уурхай эдүгээгийн Хэнтий аймгийн Батноров сумын нутаг хуучин Сэцэнхан аймгийн Сүжигт бэйсийн хошууны тахилга сүлдэт Мөнхцагаан уулаас хойхно, Суварган хөндийн зүүхэн жишгэр талд оршдог. Суварган хөндийд олон зууны турш ер бусын тохиолдлууд цөөн бус тохиожээ. Гурван зуун илүү жилийн тэртээ нарийн учир шалтгаанаар мэргэн лам Шаврангийн босгосон чулуун суварганы суурь буй. Түүний хажуухнаар уралдааны морин зам торго мэт хөвөрнө. Энэ нь Бэрхийн уурхайнхны наадмын уралдааны зам болно. Суварган хөндийд Хятадын орчин үеийн удирдагч Лин Бяогийн онгоц унаж дэлхийн түүхийн нэгэн тэмдэглэлт цэг үүсгэсэн юм. Хагас зууны турш өгөөж эрдэнэсээ тив дэлхийд хүртээсэн Бэрхийн уурхайн нөөц баялагийг суварган хөндийн гайхалтай тогтоц ид шидтэй холбох нь ч бий. Энэ уурхайд Монгол Зөвлөлтийн ажилчид 25 жил мөр зэрэгцэн ажиллаж байсан билээ. Монгол улсад Уул уурхайн салбарын голомтыг асаалцаж, улсын төсөв санхүүгийн тодорхой хувийг он удаан жил бүрдүүлж ирсэн Бэрхийн уурхай, Уурхайн тосгон, уурхайчдын алдрыг өнөд мөнхөлнө.

2022-09-13 21:54:29